Төрийн “хайр”-аас гадуурх өмнөд хилийнхэн

2016 оны 10 сарын 10 211

Зууны мэдээ сонин

2016.09.28

Хүний эрхийн асуудлыг ярихаар хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх хөндөгддөг. Мэдээж тийм. Өнөөгийн нийгэмд эрх нь хамгийн ихээр зөрчигдөж буй субьект нь тэд болоод байгаа. Гэхдээ манай улсад хүний эрхийн асуудал зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, аль ч салбар, анги давхаргад алдагдсаар байгааг олон жишээ батална. Үүний нэг жишээ бол хилийн боомт орчим дахь хүний эрхийн зөрчлүүд юм.

Монгол Улс уул уурхайн салбарыг саалийн үнээгээ болгож, газрын доорх баялгаа гадаад руу экспортолдог болсноор өмнөд хилийн үйл ажиллагаа идэвхжиж хүн, машины хөдөлгөөн ч асар ихээр нэмэгдсэн билээ. Хилийн боомт дээр 80-100 тонны нүүрсний автомашинууд хэдэн зуугаараа дугаарлаж, олон хоног саатдаг болсон. Тэгвэл тэдгээрийн жолооч, хилийн боомт дээр ажиллаж байгаа хил, гаалийн ажилтнуудын эрхийн асуудал ноцтой түвшинд хүрснийг учир мэдэх хүмүүс халаглан ярих боллоо.

Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Шивээхүрэнгийн боомтоор гэхэд 14 компанийн 500-600 орчим жолооч байнгын тээвэр хийдэг. Тэднийг хянаж шалгадаг, хилийн боомтын аюулгүй байдлыг хангадаг мөн тооны хүмүүсийн ажил, амьдрал тэнд өрнөж буй. Харамсалтай нь жолооч, хилийн боомтын ажилчдын ажиллах орчноос эхлээд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхээс эхлээд дагавар олон эрх зөрчигдөх болжээ.

ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ

Хүн бүр амьд явах эрхтэйг Үндсэн хуулиасаа эхлээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад холбогдох хуульд тодорхой заасан байдаг. Зөвхөн Монгол Улсаар тогтохгүй, дэлхий дээрх бүх улс орны иргэн бүрт олгогдсон үндсэн эрх нь энэ юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад ямар ч тохиолдолд хүний амь насыг бусниулж болохгүй гэсэн тунхаглал.

Шивээхүрэнгийн боомт дээр энэ байдал эсрэгээрээ. 2010 оноос хойш боомтын бүх зурваст зам тээврийн осол гарч нүүрсний машины жолооч нар амь эрсдэхээс эхлэн тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдах нь энгийн үзэгдэл болжээ. Салхи шуурга, цас бороо гэх мэт байгалийн гэнэтийн хүнд нөхцөлд олон тонны ачаатай машин дээр ачаа бараагаа ачиж янзлах явцад, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хангасан ч гэнэтийн эвдрэл гарах тохиолдолд, мөн хэт их халалтаас дугуй буудах, замын тоосжилт ихэсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж осол аваар гарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Үндсэн хуулийн 16.4-т хүн бүр хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулах эрхтэй, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн нэгд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхийг баталгаажуулсан юм. Хүний хөдөлмөрлөх ая тухтай нөхцлөөр хангагдах, хөдөлмөрийн үнэлэмж нь шударга байх тухай эдгээрээс гадна Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаар зохицуулж ирсэн билээ. Гэвч боомт дээрх тээврийн жолооч нарын тухайд цалингаа хугацаандаа авдаггүй гомдол тасардаггүй ажээ. Нэг үгээр хэлбэл, жолооч нар хөдөлмөрөөр шударгаар үнэлүүлж чадахгүйгээр барахгүй ажлын хөлсөө толгой компаниасаа нэхэмжилж, ажил хаях шаардлага гардаг ч түүнээсээ болж халагдах хүртэл арга хэмжээ авхуулсан тохиолдол байна. Тэгвэл тэдний амралтын тухай бүр ярих ч боломжгүй. Тээврийн компани хугацаагүйгээр зогсолт хийсэн тохиолдолд жолооч нарыг ар гэр рүү нь явуулдаггүй, бичиг баримтаар нь барьцаалж хил дээр жилийн дөрвөн улиралд амьдрахад хүргэж байгаа ноцтой байдал одоо ч байсаар байна. Энэ нь Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүн бүр ажлын цагаа зохистой хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг нь зөрчиж буй явдал юм. Дээрээс нь тэд ийнхүү жилийн дөрвөн улиралд хүйтэнд нь хөрч, халуунд халж цалинтай цалингүй ажиллачихаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь тэдний амьдралын баталгаа улам алдагдаж байгааг харуулж байна.

УСНЫ ХОМСДОЛ БА ӨВЧЛӨЛ

Жолооч нарын хувьд тулгамдаж буй өөр нэг асуудал нь эрүүл мэнд болон эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай. Шивээхүрэнгийн боомтын орчим эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлэх эмч, эмнэлгийн үйлчилгээ байдаггүйгээс хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирох бас нэг шалтгаан болсоор байна. Өвчин эмгэг хэлж биш хийсч ирдэг болохоор гэнэт өвдсөн тохиолдолд хэдэн арав, зуун км замыг туулж төв газар бараадан сая нэг анхан шатны тусламж авах жишээтэй.

Зөвхөн жолооч нар ч биш, хил дээр ажиллаж, амьдарч буй хүмүүс цэвэр усны хомсдолд орж, үүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирч байгааг сүүлийн жилүүдийн судалгаа харуулах болжээ. Хилийн боомт дээр угаас цэвэр ус хомс, ундны ус хужир ихтэй. Усаа БНХАУ-ын талаас худалдан авдаг ч өдөр тутамдаа авч чаддаггүй гэж байна. Үүнээс болж хужиртай ус хэрэглэснээс сүүлийн жилүүдэд тэдний жолооч, ажилтнуудын үс цайрах, шүд шарлах, сулрах, ходоод гэдэс хямрах, нүүрэн дээр нөсөөт толбо гарах эмгэг тод илрэх болжээ.

Аль ч хилийн боомт дээр амьдрал өрнөдөг. Шивээхүрэнгийн боомт дээр ч тэр. Хил, хяналтын байгууллагуудын албан хаагч нар зарим нь гэр бүлээрээ амьдардаг ч сургууль, цэцэрлэг байхгүйгээс хүүхдүүд нь боловсрол эзэмшиж чадахгүй байх жишээтэй.

Уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хилийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтнууд, улсын эдийн засгийн урагшлуулахад экспортын бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа жолооч нарыг төр засаг анхааралдаа авах учиртай. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэдэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Тэдэнд дээр дурдагдсан эрхээс гадназохистой хоол хүнсээр хангагдах, нийгмийн хангамж эдлэх, орон байраар хангагдах, орчны бохирдлоос хамгаалуулах гэх мэт олон төрлийн эрх нь хөсөр хаягдаж, Монгол Улсын хүн амын бүртгэлээс хасагдсанаас өөрцгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах, хууль хяналтын байгууллага, төр, засаг хил орчмын ард иргэд рүүгээ өнгийж харах цаг нэгэнт болжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ