БНХАУ-д уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ Коронавирус

2020 оны 1 сарын 16 172

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг 2020 оны 01 сарын 9-ний өдөр зарлалаа.

Коронавирусийн халдвараар 41 хүн өвчилж, 1 хүн нас барж, 7 хүний биеийн байдал хүнд,  6 хүн эмчлэгдэж гарсан талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Тархвар судлалын хувьд Үхань хотын амьтны (далайн) гаралтай бүтээгдэхүүн зардаг худалдааны төвд ажилладаг хүмүүс өвчилсөн тархвар судлалын өгүүлэмжтэй байна. 1 дүгээр сарын 1-нд уг худалдааны захыг хаах арга хэмжээ авсан ба 1 дүгээр сарын 3-наас хойш хүний өвчлөлийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Эдгээр тохиолдлуудад халуурах, цөөн өвчтөнд амьсгал давчдах, 2 уушгинд нэвчдэст өөрчлөлт илэрсэн байна.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:
1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн био аюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3. Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4. Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторид хүргүүлэх, шинжлэх нөхцөлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ